Баянхонгор аймгийн дөрвөн суманд хэрэгжсэн WIFI төслийн хөндлөнгийн эцсийн үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэлээ.
Малчид, хоршоод, мал эмнэлгийн байгууллагууд болон төслийн түншүүдийн оролцоонд тулгуурласан энэхүү үнэлгээ нь төслийн хэрэгжилт, туршлага, сургамжийг олон талын мэдээлэлд үндэслэн дүгнэхэд чиглэсэн юм.
Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны Fonds Équipe France (FEF)-ийн санхүүжилтээр “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” (AVSF) байгууллагаас 2024–2026 онд хэрэгжүүлсэн WIFI төсөл нь Баянхонгор аймгийн Богд, Жинст, Баянцагаан, Бөмбөгөр сумдад малын эрүүл мэнд, тогтвортой мал аж ахуй, хоршоодын хамтын ажиллагаа болон чанартай махны өртгийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Төслийн зорилго, үйл ажиллагааны талаар AVSF байгууллагын албан ёсны танилцуулгаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монгол, Францын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар Монгол Улс дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны цахим хуудаснаас танилцаж болно. Мөн төслийн хэрэгжилтийн явцтай холбоотой нийтлэл болон видео материалтай танилцаж болно.
ДӨРВӨН СУМЫН ОРОЛЦОГЧДЫН ДУУ ХООЛОЙГ НЭГТГЭСЭН ҮНЭЛГЭЭ
IRIM судалгааны хүрээлэн 2026 оны 9–10 дугаар сард төслийн хэрэгжилт, үр дүн, үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлэхэд олон улсад өргөн хэрэглэгддэг OECD-DAC-ийн үнэлгээний шалгуур болон тоон, чанарын судалгааны аргуудыг хослуулан ашиглав.
Үнэлгээний хүрээнд судалгааны баг зорилтот дөрвөн сумын 100 малчин, хоршооны гишүүдээс асуумж авч, нийт 26 оролцогчийг хамарсан дөрвөн фокус бүлгийн хэлэлцүүлэг болон холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй 13 ганцаарчилсан ярилцлага зохион байгуулсан юм.
Ингэхдээ төслийн баримт бичиг, хэрэгжилтийн мэдээллийг оролцогчдын бодит туршлага, санал бодолтой харьцуулан шинжилж, төслийн ололт амжилт, тулгарсан хүндрэл, сургамж болон цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлсон. Эдгээрт үндэслэн ижил төстэй төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах практик зөвлөмж боловсрууллаа.
Тус үнэлгээний ажил эхэлсэн тухай манай байгууллагын өмнөх мэдээтэй эндээс танилцана уу.
ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ОЙРООС ТАНИЛЦАХ НЬ
WIFI төслийн нэг онцлог нь малчид, хоршоодын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн махны өртгийн сүлжээг хөгжүүлэхийг зорьсон явдал юм.
Төслийн хүрээнд дөрвөн сумын хоршоод хамтран “Хонгорын шимт” брэндийг хөгжүүлж, тус брэндийн ямааны махны анхны төрөлжсөн дэлгүүрийг нээсэн нь хоршоодын хамтын ажиллагааны сайн туршлага болжээ. “Хонгорын шимт” (Khongoriin Shimt) брэндийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний талаарх мэдээлэлтэй брэндийн Facebook хуудсаар танилцах боломжтой.
Мөн WIFI төслийн үйл ажиллагаа, холбогдох арга хэмжээнүүдийн талаар AVSF болон түнш байгууллагуудын түгээсэн нэмэлт мэдээллийг үзээрэй.
Үнэлгээний ажилд хамтран оролцсон AVSF байгууллага, орон нутгийн төрийн болон мал эмнэлгийн байгууллагууд, хоршоод, малчид, төслийн түншүүд болон судалгаанд оролцсон нийт хүмүүст IRIM судалгааны хүрээлэн талархал илэрхийлж байна.