Хүртээмжтэй эдийн засаг ба зохистой хөдөлмөр эрхлэлт

Тогтвортой хөгжлийн 8 дахь зорилго болох "Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох"-д судалгаа, үнэлгээний ажлаараа дамжуулан өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс IRIM судалгааны хүрээлэн эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлтийн чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Уг салбар судлагдахуун нь манай байгууллагын туршлага бүхий салбар бөгөөд бидний нийт хэрэгжүүлсэн төслүүдийн 50 орчим хувь нь аль нэг хэлбэрээр уг салбарт хамаардаг. Үүн дундаа жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, динамикийг судлах, хөдөлмөрийн бүтээмж, зохистой хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төслүүд зонхилдог ба сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн эдийн засагт томоохон чиглэлүүдийн нэг болон гарч ирж байгаа Асрахуйн эдийн засаг (Care economy)-ийн чиглэлээр бид судалгаа, зөвлөх үйлчилгээний чадавхаа бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна.  

Хүртээмжтэй эдийн засаг ба зохистой хөдөлмөрийн чиглэлээр голлон төвлөрч буй судалгааны дэд чиглэлүүдийг танилцуулбал:  

  • Хөдөлмөрийн зах зээл

    Салбаруудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тогтвортой байдлын судалгаанууд нь хөдөлмөрийн зах зээл дундаа бидний чадавх бүхий үндсэн салбар сэдэв юм. Энэ хүрээнд дээд, техникийн болон мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг мөшгөх, тэдний ур чадвар ажил олгогчдын шаардлага, хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг тодорхойлоход чиглэсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлуудыг голлон гүйцэтгэж байна.   

  • Эдийн засгийн өсөлт

    Эдийн засгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын судалгааг гүйцэтгэхийн зэрэгцээ  бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, малчин, тариаланч өрхүүдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн процесс, бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэмүү өртөг шингээх боломжийг тодорхойлох зорилготой судалгааны ажлуудыг голлон гүйцэтгэж байна.  Тухайлбал, 2023 онд бид ‘Жижиг дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаа’Олон Улсын Худалдааны Төв (ОУХТ)-ийн ЖДБ-ийн өрсөлдөх чадварын матрицан аргачлалд тулгуурлан үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Уг судалгаа нь ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, түүний орчин нөхцөл байдлыг цогцоор нь тодорхойлж, цаашдын хэрэгцээ шаардлагыг үнэн зөв оновчлох боломжийг бүрдүүлсэн ажил болсон бөгөөд цаашид бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн бодлогын шийдлийг боловсруулахад ашиглагдах чухал нотолгоо болох юм.    

  • Нийгмийн хамгаалал

    Нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, хүмүүсийн зохистой ажлын байр олох чадавхыг нэмэгдүүлснээр тогтвортой эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж байдаг. Бид нийгмийн хамгааллын хөтөлбөр, төслүүдийн үнэлгээний ажлуудыг гүйцэтгэдгээс гадна зорилтот бүлгийн өрхүүдийг чадавхжуулах замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг бизнесүүдийг дэмжих замаар зохистой ажлын байр бий болгоход чиглэсэн судалгаа зөвлөх үйлчилгээний ажлуудыг сүүлийн жилүүдэд идэвхтэй гүйцэтгэж байна. Тухайлбал, бид 2023 онд Зорилтот бүлгийн өрхүүдийг төгсөлтийн аргачлалаар бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зах зээлийн судалгааг гүйцэтгэж, бизнес моделийн багц боловсруулах зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлсэн. Энэхүү судалгаа болон бизнес моделиудад тулгуурлан нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нийт 1520 өрх АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын санхүүжилтээр өөрт тохирох бизнесүүдээ хэрэгжүүлэхэд чиглэсэн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүртэн, амьжиргаагаа дээшлүүлэх боломжоор хангагдсан.   

  • Албадан хөдөлмөр ба хүүхдийн хөдөлмөр

    Зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг бол албадан хөдөлмөрийн асуудал бөгөөд энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил төдийгүй, хөдөлмөрийн зах зээлийг гажуудуулж, цалинг зохиомлоор бууруулж, хүний нөөцийн капитал, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хохирол учруулж байдаг. Монголд ялангуяа уул уурхай, хүнд олборлох үйлдвэрлэл, тээвэр, барилга, үйлчилгээний салбар дах албан бус секторуудад ажиллаж буй иргэдийн дунд албадан хөдөлмөрт өртөх эрсдэл өндөр байдаг. Бид албадан хөдөлмөрийн асуудлыг хүний наймааны нэг хэлбэр болохын хувьд өргөн хүрээнд авч үзэж судалж байсан туршлагатай бөгөөд 2020 онд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх нь төслийн суурь судалгаа”, 2021 онд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн суурь судалгаа, 2022 онд Хүн худалдаалахтай тэмцэх төлөв байдлын тайланг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж байсан.