Хөгжил судлал

Өнгөрсөн 16 жилийн хугацаанд бид хөгжлийн салбарт боловсрол, жендэрийн тэгш байдал, нийгмийн хамгаалал, нийгмийн эрүүл мэнд, хот, хөдөөгийн хөгжил зэрэг үндсэн чиглэлүүдээр бүс нутаг болон үндэсний хэмжээний судалгаа, үнэлгээг амжилттай гүйцэтгэж ирсэн. Ингэхдээ бид хөгжлөөс “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг эрхэмлэж, нийгмийн ялгаатай бүлгүүдийн асуудал, хэрэгцээ, сонирхлыг таниулах, хүн бүрд тэгш боломжийг бий болгоход хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна. 

Бидний төвлөрөн ажилладаг хөгжлийн салбар, чиглэлүүдийг танилцуулбал: 

  • Нийгмийн сайн сайхан байдал

    2016 оноос хойш бид “Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г эхлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр тасралтгүй гүйцэтгэж байна. Уг судалгааны гол зорилго нь нийгмийн нягтрал, итгэлцэл, аз жаргал зэрэг субьектив сайн сайхан байдлын үзүүлэлтүүдийг шинжлэх ухааны суурьтайгаар судалж олон нийтэд таниулах, шийдвэр гаргалтад нийгмийн капиталын үзүүлэлтийг харгалздаг болох чиглэлээр нөлөөлөл үзүүлэх явдал юм. 2017 оноос хойш манай байгууллага “Олон улсын Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны консорциум”-д гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд консорциумаас зохион байгуулдаг бүсийн болон олон улсын хурлуудад оролцож, илтгэлээ хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний бүтээл хамтран боловсруулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх байдлаар идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг. Түүнчлэн Олон Улсын Социологичдын Холбоонд (ISA) 2010 оноос хойш Монгол Улсыг төлөөлөн албан ёсны гишүүнээр ажиллаж байгаа ба тус байгууллагаас батлан гаргасан “Ёс зүйн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.  

  • Боловсрол

    Бид боловсролын чанар, хүртээмжийн асуудлаар бага болон дунд сургуулийн хүрээнд, боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар дээд болон тусгай мэргэжлийн боловсролын хүрээнд судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлуудыг голлон гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд Дэлхийн Банк, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг Ивээх Сан зэрэг олон улсын байгууллагууд, БШУЯ, ХНХЯ зэрэг төрийн байгууллагуудтай хамтран тэгш хамран сургах боловсролын асуудлыг онцгойлон судалж, шийдвэр гаргалтыг дэмжихэд шаардлагатай нотолгоонд суурилсан мэдээллүүдийг бүрдүүлэн ажиллаж байна.  Боловсролын чиглэлээр дагнан гүйцэтгэсэн ажлууд нь бидний нийт хэрэгжүүлсэн төслийн 10 орчим хувийг эзэлдэг. 

  • Жендэр, зорилтот бүлгийн асуудал

    Бид 2017 оноос хойш тасралтгүй 7 дахь жилдээ Жендэрийн Үндэсний Хорооны сайн дурын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс дахь жендэрийн тэгш байдал, салбаруудын жендэрийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ зэрэг зорилтот төслүүдийг хэрэгжүүлж ирсэн өргөн туршлагатай. Мөн зорилтот төслүүдээс гадна бусад салбарын судалгааны төслүүддээ жендер, хөгжлийн бэрхшээл, нийгмийн эмзэг бүлгийн төлөөллийг тэгш хамруулах GEDSI approach (Gender Equality, Disability and Social Inclusion)-ыг баримтлан, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа харгалзан (gender mainstreaming) ажиллаж байна. Тухайлбал, бид бүх салбарын судалгаанд өгөгдөл, мэдээллийг хүйсээр ялган шинжилж, хүйсийн ялгаатай байдал, онцлогоос хамаарсан үр дүн бий эсэхийг тодруулж, судалгааны дүгнэлт зөвлөмждөө тусган ажилладаг.  

    Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогчид, бэлгийн цөөнх, хэл соёл угсаатны цөөнх, алслагдмал хороо, сумын иргэд, шилжин ирэгсэд зэрэг хүрч ажиллахад хүндрэлтэй нийгмийн онцлог бүлгүүдийн эрх ашгийг тусгайлан хөндсөн олон тооны судалгаа, үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай. Бид хүний эрхийн судалгаануудыг гүйцэтгэхдээ хүн-төвтэй арга хандлагыг (human-centered approach) баримталдгаас гадна, олон улсад нэр хүнд бүхий The Collaborative Institutional Training Initiative (CITI Program)-ээс олгодог Research, Ethics, Compliance, and Safety Training-д судлаачдаа хамруулж, хүний эрх, эрхэм чанар, нэр төртэй холбогдох судалгааны ажлууддаа уг стандартын зааварчилгааг чанд мөрдөж ажилладаг. 

  • Нийгмийн эрүүл мэнд

    Энэ хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүдийг үнэлж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, ялгаатай бүлгүүдийн эрүүл мэндийн боловсрол, дадал, зан байдлыг судалж, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийг тодорхойлоход чиглэсэн судалгааны төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.  

    Эрүүл мэндийн судалгааны ажлуудыг гүйцэтгэхдээ манай хүрээлэн ЭМЯ, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Ач анагаах ухааны их сургуулийн  Эрдмийн зөвлөл болон Ёс зүйн хороо-нд судалгааны арга зүй, аргачлалаа танилцуулж, баталгаажуулалт авах практикийг мөрддөг. 

    Мөн бид зөвхөн судалгааны төслүүд хэрэгжүүлэхээс гадна гамшгийн үед эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хариу арга хэмжээний төслүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Тухайлбал, 2020, 2021 онуудад Give2Asia олон улсын хандивын сүлжээнээс хөрөнгө босгож “COVID 19-ийн нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, нийт 400 гаруй эмзэг бүлгийн өрхөд шууд туслалцаа үзүүлэх филантропи ажлыг хэрэгжүүлж байсан туршлагатай. 

  • Хот, хөдөөгийн хөгжил

    IRIM нь орон нутгийн хөгжил, хотжилт, олон нийтийн оролцооны асуудлаар судалгаа, шинжилгээ гүйцэтгэж ирсэн арвин туршлагатай. Бид судалгааны ажлуудаараа дамжуулж дэд бүтцийн хөгжил, хотжилтын динамик, хөдөөгийн амьжиргаа, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон төрлийн бүлгүүдэд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийг тодорхойлж, тэдгээрт тохирсон шинэлэг гарц, боломжуудыг эрэлхийлэн, хот, хөдөөгийн тогтвортой хөгжлийг бий болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьдог.  

    IRIM нь газар зүйн туршлагын хувьд 21 аймгийн бүх 330 суманд хүрч мэдээлэл цуглуулалт хийж байсан туршлагатай бөгөөд уг туршлагадаа тулгуурлан бүс нутгийн, улирлын болон үндэсний цөөнх, нүүдэлчин, малчин өрхүүдийн соёлын онцлогийг харгалзан талбарын зохион байгуулалтыг төлөвлөж ажилладаг.