Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ "МЭРГЭЖИЛТЭН-СУДЛААЧДЫН БҮЛЭГ"-ИЙН ЭХНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО.
11/06/2024
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭРХ

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг бэхжүүлэх чиглэлээр салбар салбарын судалгаа шинжилгээний ажлуудыг уялдуулах, судлаач мэргэжилтнүүдийн мэдээллийн солилцоог сайжруулах зорилгоор IRIM  судалгааны хүрээлэнгийн санаачилсан “Мэргэжилтэн-судлаачдын бүлэг” анхны уулзалтаа 2024 оны 06 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтын эхний хэсэгт GGGI Mongolia, NAP Mongolia project, URECA LLC байгууллагын судлаачид өөрсдийн гүйцэтгэсэн судалгааны сонирхолтой үр дүнгээс хуваалцаж, хоёр дах хэсэг болох нээлттэй индрийн хэсэгт IRIM-ийн ахлах судлаач Э.Оюундэлгэр уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр АНУ-ын Cornell University-д Мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт хамрагдсан туршлагаа тус тус хуваалцав.

Уулзалтад оролцогчид уг санаачилга, арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр харж, мэдээлэл, саналуудаа солилцож байсан бөгөөд цаашид уг санаачилгыг хамтран авч явах, хурал, үйл ажиллагааг ээлжлэн хариуцаж зохион байгуулах, судлаачдын бүлгэмээс төрийн бодлого, шийдвэр гаргалтад чиглэсэн зөвлөмж, мэдэгдэл гаргах зэргээр үйл ажиллагаагаа тогтворжуулж, илүү өргөн хүрээнд авч явах талаар саналуудаа солилцлоо.

Энэхүү санаачилгыг эхлүүлэхэд IRIM-ийн судлаачдыг чадавхжуулж, олон талаар дэмжлэг үзүүлсэн

Австралийн Гадаад хэрэг, Худалдааны яам болон Australia Award Fellowship хөтөлбөрт талархлаа илэрхийлье.

Цаашид уг уулзалт нь 2 сар тутамдаа зохион байгуулагдах бөгөөд уур амьсгалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнг хуваалцах, мэдээлэл солилцох зорилготой судлаач, мэргэжилтэн бүрд нээлттэй болно.