📣Монголчуудын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа-2 үргэлжилж байна
Азийн 9 оронд ижил арга зүйгээр хэрэгжиж буй “Азийн орнуудын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа (Social Well-being Survey in Asia – SoWSA-2)”-ны мэдээлэл цуглуулалт Монгол Улсад үндэсний хэмжээнд, хот болон орон нутагт 6-8 сарын хугацаанд зэрэг явагдаж байна.
Монгол дахь мэдээлэл цуглуулалтын явц, талбарын хэрэгжилт, түүвэрлэлт болон чанарын хяналтын аргачлалтай танилцах зорилгоор International Consortium for Social Well-being-ийг төлөөлөн Японы Сэншү их сургуулийн (Senshu University) арга зүйн багийн төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.
Томилолтын хүрээнд багийн төлөөлөгчид Улаанбаатар хот дахь мэдээлэл цуглуулалтын үйл явцтай танилцаж, улмаар Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд ажиллан хөдөө орон нутгийн нөхцөлд судалгааг хэрхэн хэрэгжүүлж буйг ажиглав. Тэр дундаа малчин, тариаланч өрхүүдийн дунд мэдээлэл цуглуулахдаа түүврийн нарийн арга зүй, олон удаагийн хандалтын протокол, чанарын баталгаажуулалтын үйл явцыг талбар дээр нь ажиглаж, туршлага солилцлоо.
Энэхүү судалгаа нь оролцогч улс орнуудад нэг ижил судалгааны арга зүй, хэмжүүрийг ашигладаг хэдий ч улс орон, нийгмийн бүлэг бүрийн хувьд “сайн сайхан байдал” гэх ойлголт хэрхэн өөр өөрөөр ойлгогдож, мэдрэгддэг болохыг хүлээн зөвшөөрч, тухайн нийгмийн онцлогийг илүү гүнзгий ойлгохыг зорьдгоороо онцлогтой.
Японы судалгааны багийн энэхүү томилолт нь Монгол Улсад нийгмийн сайн сайхан байдлын судалгааг газар зүйн өргөн хүрээ, хүн амын тархалт, нүүдэлчин ахуй, улирлын хөдөлгөөн зэрэг орон нутгийн онцлог нөхцөлд хэрхэн хэрэгжүүлж буй туршлагыг бусад улсын түвшинд хуваалцах, харилцан суралцах чухал боломж болж буй юм.