🎓Олон улсын дадлагажигч оюутны судалгааны ажилд дэмжлэг үзүүллээ.
IRIM судалгааны хүрээлэнд Эдинбургийн Их Сургуулийн ‘Харьцуулсан боловсрол, олон улсын хөгжил’ магистрын хөтөлбөрийн оюутан Corrine Sullivan энэ 5-р сард хүрэлцэн ирж, нэг сарын хугацаанд магистрын судалгааны ажлаа гүйцэтгэлээ.
Тэрээр Монгол Улсын боловсролын бодлого, тэр дундаа ерөнхий боловсролын сургуульд элсэх насыг 6 нас болгосон нь угсаатны цөөнх гэр бүлүүд, тэдний амьдралын хэв маяг, уламжлал, харилцаа зэрэгт хэрхэн нөлөөлж буйг цаатан өрхүүдийн жишээн дээр судлав. Энэ хүрээнд Corrine IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын сургуулийн багш, ажилтнууд, сурагчдын гэр бүлүүдтэй ярилцлага хийж, тэдний бодит нөхцөл байдал, туршлага, үзэл бодлыг баримтжуулж, баруун тайга дахь цаатан өрхүүдээр зочиллоо.
Манай дадлагажигч оюутан Corrine Sullivan-ий судалгааны ажилд дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцсан цаатан өрхүүд, бусад талуудад талархал илэрхийлье.
Монгол Улсын боловсролын салбарын чухал асуудлыг сонгон судалж, шинжлэх ухаанд суурилсан нотолгоо, мэдлэг бүтээж буй Corrine-ийхаа цаашдын сургалт, судалгааны үйлсэд нь амжилт хүсье.
Түүний судалгааны ажлын үр дүн гармагц IRIM судалгааны хүрээлэн олон нийтэд нээлттэй хуваалцах болно.