Канадын Гадаад Харилцааны Яамны дэмжлэгтэйгээр College and Institute Canada (CICan) болон Монголын Боловсролын Яам хэрэгжүүлж эхэлж буй “SkillShift” хөтөлбөрийн суурь судалгааны ажил хийгдэж байна. Энэхүү хөтөлбөр нь Монголын залуучууд, тэр дундаа эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад шаардлагатай ур чадварыг олгох зорилгоор 5 жилийн хугацаатай хэрэгжих төсөл юм. Төслийн хүрээнд дараах үндсэн дөрвөн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
🔸Шинээр Ажил мэргэжлийн стандарт (АМС) боловсруулах
🔸ТМБС-ын байгууллагын удирдлагыг чадавхжуулах хөтөлбөр
🔸ТМБС-ын байгууллагын жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэгш хамруулах бодлого
🔸Багш нарыг чадавхжуулах үндэсний сургалтын хөтөлбөр
Эдгээр зорилтын хүрээнд сонгогдсон аймгийн Политехник коллежуудаас суурь судалгааны мэдээлэл цуглуулж, “SkillShift” төсөл хэрэгжиж эхлэх үеийн нөхцөл байдлыг тодорхойлохоор IRIM нь Канадын зөвлөх үйлчилгээний баг Advisem Services Inc байгууллагатай хамтран мэдээлэл цуглуулалтын ажлыг гүйцэтгэж байна.