Мэдээ мэдээлэл
Санаатайгаар тархааж буй хуурамч мэдээллүүд хэнийг чиглэдэг вэ?
25/07/2025
Санаатайгаар тархааж буй хуурамч мэдээллүүд хэнийг чиглэдэг вэ?

🎯Монголчуудын хоорондын итгэлцэл сүүлийн жилүүдэд суларч олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй доогуур, ялангуяа төрд итгэх итгэл туйлын бага байгааг өмнөх олон судалгааны үр дүн тогтмол харуулсаар ирсэн. Үүнээс “Яагаад Монголчууд бие биедээ итгэх нь багасав? Талцал, туйлшрал яагаад ихэсч байна вэ? Үүнд юу нөлөөлж байна вэ?” гэсэн чухал асуултууд зүй ёсоор урган гардаг.

❗️Нийгмийн итгэлцлийг бууруулахад маш хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл бол мэдээллийн орчны эмх замбараагүй байдал, хуурамч мэдээллийн тархалт юм.

🔴Нийгэмд тархаж буй хуурамч мэдээллийг ерөнхийд нь хоёр ангилдаг. Misinformation буюу алдаатай, буруу ойлголттой мэдээлэл нь санаандгүйгээр түгдэг бөгөөд залруулах боломжтой байдаг бол disinformation буюу санаатайгаар тараадаг хуурамч мэдээлэл нь илүү аюултай. Энэ төрлийн мэдээлэл нь олон нийтийг төөрөгдүүлэх, үзэл бодлыг гуйвуулах, анхаарал сарниулах, хандалт авч ашиг олох зэрэг тодорхой зорилготойгоор тараагддаг.

🚫Ялангуяа зорилготойгоор тараасан хуурамч мэдээлэл (disinformation) нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг хамгаалах зэрэг ардчиллын үнэт зүйлийг сулруулж, нийгмийг талцан хуваагдахад хүргэж байдаг.

❌Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч контент нэмэгдэж, үнэн худлыг ялгахад улам хэцүү болж байгаа нь иргэдийг хуурамч мэдээллийн бай болгох эрсдэлийг нэмэгдүүлсээр байна (Chinzorig, 2024).

❓Энэ нөхцөлд “Хэн хуурамч мэдээлэлд хамгийн их өртөж, төөрөгдөж байна вэ?” гэсэн асуултад хариу олох зорилгоор IRIM судалгааны хүрээлэн Монгол дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдлыг судлах, иргэдийн мэдээллийн харилцааг шинжилж улмаар иргэдийн мэдээллийн дархлааг дэмжих загвар (intervention model) боловсруулах санаачилгыг эхлүүлээд байна.

Тус санаачилгын хүрээнд IRIM-ийн баг:

· Монгол дахь хуурамч мэдээллийн зураглал шинжилгээ

· Олон нийтийн зан үйлийн судалгаа

· Судалгаанд үндэслэн мэдээллийн дархлааг сайжруулах, олон нийтийг чадавхжуулах туршилтын нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

📞Энэхүү санаачилга нь EU-Team Europe Democracy дэмжлэгтэйгээр 2026 оны 7 дугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл төслийн зохицуулагчтай jargalmaa@irim.mn хаягаар холбогдоно уу.