IRIM судалгааны хүрээлэн ардчилал болон иргэний орон зай, иргэний эрхийн чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал 2018 онд Дэлхийн Нийгмийн Сангийн дэмжлэгтэйгээр “21-р зууны Ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” сэдвийн хүрээнд 14 орны 31 илтгэгч, 100 орчим оролцогчдыг хамруулсан олон улсын бага хурлыг Монголд амжилттай зохион байгуулж байсан. Уг хурлын үр дүнд “Ардчиллын тэмцэл сорилтын жилүүдэд: Монгол ба Дэлхийн улс орнууд туршлагажиж эхэлсэн нь” сэдэвт эрдэм шинжилгээний эмхэтгэл ном бүтээгдсэн бөгөөд Англи, Монгол хэлээр олон нийтэд нээлттэй түгээж, олон орны судлаачдын хүртээл болсон. Мөн ардчилал, сонгуулийн тогтолцоо, иргэдийн оролцооны асуудлаар жил бүр олон нийтийн санаа бодлын тандалт судалгаануудыг зохион байгуулж ирсэн нь бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн дунд танилцуулагдаж, хэлэлцүүлгийн сэдэв болж ирсэн.
2020 оноос Азийн Ардчиллын Судалгааны Сүлжээ (Asia Democracy Research Network)-д гишүүнээр ажиллаж, ардчиллын чиглэлээрх судалгааны үр дүнгээ олон улсад хуваалцах, хамтын ажиллагаа бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Мөн энэ чиглэлийн судалгааны ажлуудаар Америкт төвтэй Ашгийн Төлөө Бус Хуулийн Олон Улсын Төв (ICNL), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) зэрэг олон улсын байгууллагуудтай голлон хамтран ажиллаж байна.
