Алдарын Долгион нь нотолгоонд суурилсан бодлого боловсруулалт болон нийгмийн уялдаа холбоог дэмжих чиглэлээр ажилладаг туршлагатай судлаач мэргэжилтэн юм. Тэрээр IRIM судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан.
Долгион 2009 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоо Ахлах Зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр судалгааны арга зүй, үнэлгээ, бодлогын оролцоо, институцийн хөгжил зэрэг чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай. Долгион нь IRIM судалгааны хүрээлэнгийн судалгааны чанарыг нэмэгдүүлэх, залуу судлаачдыг сургах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тэрээр одоогоор Камбож дахь Азийн Сангийн хэрэгжүүлж буй “Ponlok Chomnes II: Хөгжлийн төлөөх мэдээлэл ба хэлэлцүүлэг” хөтөлбөрийн захирлаар ажиллаж, тус хөтөлбөрийн удирдлага, хэрэгжилтийг хариуцаж байна. Азийн Санд ажиллахаасаа өмнө тэрээр Зүүн Тимор дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт нийгэм-эдийн засгийн мэргэжилтнээр ажиллаж, НҮБ болон Засгийн газрын хамтарсан нийгэм-эдийн засгийн бодлогын судалгаа, үнэлгээний ажлыг удирдаж байсан. Мөн тэрээр 2023 оны Зүүн Тимор Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн гол зохиогч, зөвлөхөөр ажилласан.
Долгион нь 2018 онд Азийн Сангийн хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд одоогоор Олон Улсын Социологийн Холбооны Нийгмийн Үзүүлэлтийн Судалгааны Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Азийн Нийгмийн Сайн Сайхан Байдлын Судалгааны Консорциумын гишүүнээр ажиллаж байна. Түүнчлэн Азийн-Номхон далайн Үнэлгээний Холбооны удирдах зөвлөл болон Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хорооны гишүүнээр ажиллаж байсан.Тэрээр Манчестерийн их сургуульд улс төр судлалаар магистрын зэрэг, Монгол Улсын Их Сургуульд социологийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан.
Бямбасүрэн нь эдийн засгийн тэгш бус байдал болон хөдөлмөрийн эдийн засгийг төвлөрөн судалдаг эдийн засагч юм. Тэрээр Унгар улсын Печийн Их сургуульд Бүс нутгийн бодлого, Эдийн Засгийн Ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн Монгол Улсын Их Сургуульд хэрэглээний математикийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн.
Бямбасүрэн IRIM судалгааны хүрээлэнгийн Төслийн захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, МИРИМ Консалтант ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Их Сургуулийн багш зэрэг албан тушаалуудыг хашин байсан. Тэрээр ОУ-ын байгууллагууд (Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Азийн хөгжлийн банк, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт)- аас санхүүжүүлсэн олон судалгааны төслийг удирдан ажилласан туршлагатай. Түүний орлогын тэгш бус байдал, санхүү, нийгмийн гадуурхал зэрэг сэдвээр хийсэн судалгаанууд нь томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн.
Одоогоор Бямбасүрэн нь Унгарын Будапешт хот дахь TÁRKI Нийгмийн Судалгааны Хүрээлэнд докторын дараах судлаачаар ажиллаж байгаа бөгөөд Европ дахь хүн ам зүйн өөрчлөлт ба орон сууцны өмчлөлд үе дамжин тогтсон хандлагын асуудлыг судалж буй DECIPHE төсөл дээр ажиллаж байна.
Түүний бүтээлүүд:
1. Dorjnyambuu, B. (2025). A Systematic Literature Review of Income Inequality in Central–Eastern European Countries. Comparative Economic Studies, 67(1), 1–49. https://doi.org/10.1057/s41294-024-00240-2
2. Dorjnyambuu, B. (2024). The Financialisation of Housing and Housing-related Family Support in Hungary, By Bence Kováts (Budapest, Akadémiai Kiadó, 2023). Corvinus Journal of Sociology and Social Policy, 15(1), Article 1. https://doi.org/10.14267/CJSSP.2024.1.8
3. Dorjnyambuu, B., & Galambosné Tiszberger, M. (2024). The sources and structure of wage inequality changes in the selected Central-Eastern European Countries. The Journal of Economic Inequality, 22(4), 893–935. https://doi.org/10.1007/s10888-024-09621-0
4. Dorjnyambuu, B. (2024). Explaining income inequality by the relationship between social network fragmentation and social segregation indicators. In Green and Digital Transitions: Global Insights into Sustainable Solutions (pp. 209–232). Szegedi Tudományegyetem Gazdaságtudományi Kar. https://doi.org/10.14232/gtk.gdtgiss.2024.13
5. Dorjnyambuu, B. (2023). Entrepreneurial activity at the early stages in Central and Eastern European countries: Individual characteristics and the gender gap. Regional Statistics, 13(5), 797–823. https://doi.org/10.15196/RS130502
6. Dorjnyambuu, B. (2023). Estonian Digital Entrepreneurship Ecosystem Based on Digital Platform Economy Index 2020. The Journal of Entrepreneurship, 32(2), 347–375. https://doi.org/10.1177/09713557231184458
7. Dorjnyambuu, B. (2023). The reflexive relationship between financial and social exclusion for the selected Central-Eastern European countries. Pénzügyi Szemle/Public Finance Quarterly (1963-), 69(4), 61–80. https://doi.org/10.35551/PFQ_2023_4_4
Лхагвын Цэлмэгсайхан нь хөгжил судлалын чиглэлээр арвин туршлагатай судлаач, мэргэжилтэн юм. Тэрээр 2009 онд IRIM судалгааны хүрээлэнгийн багт нэгдэн орсон. Энэ хугацаанд гүйцэтгэх захирал, төслийн менежер, зохицуулагч зэрэг албыг хашиж байсан бөгөөд одоогоор тус байгууллагад зөвлөхөөр ажиллаж байна.
Цэлмэгсайхан нь Монгол Улсын Их Сургуулийг Социлогич мэргэжлээр төгссөн, магистрын зэрэгтэй, хожим Австрали улсын Мельбурнын Их сургуульд Хөгжил судлалын магистрийн зэрэг хамгаалсан. Л.Цэлмэгсайхан нь байгалийн нөөц, эрчим хүчний шилжилт дэхь талуудын оролцоо, олборлох салбарын нийгэм, жендэрийн асуудал, хот, хөдөөгийн өөрчлөлтийн сэдвээрх судалгааны ажлуудад түлхүү оролцож ирсэн.
Тэрээр хараат бус судалгаа, нотолгоо, үр дүнтэй талуудын оролцоог хөгжүүлэх замаар бодлого, хөтөлбөрийн боловсруулалтад хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг. Австрали улсын Засгийн газраас санаачилж хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн Манлайлал” хөтөлбөрийн төгсөгч. Монгол, Австрали, Зүүн Тимор улсуудад ажиллаж байсан туршлагатай.
Эдийн засгийн ухааны доктор, профессор Далхжав нь 1978-1983 онд Хөдөө аж ахуйн их сургууль, 1995-1997 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгссөн. Тэрээр 40 гаруй жилийн туршлагатай Хөдөө аж ахуйн эдийн засагч, Төрийн удирдлагын менежер юм. 1995 оноос өнөөг хүртэл дотоод гадаадын 30 гаруй төсөл хөтөлбөрт судалгааны багийн гишүүн, ахлагч, шинжээч, зөвлөхөөр ажилласан.
Далхжав 1983-1997 онд Завхан аймгийн Отгон сумын Хөдөө аж ахуйн удирдлагын газар, Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1997-2000 онд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, 2000-2007 онд Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт хэлтсийн дарга, 2008 оноос өнөөг хүртэл Хөдөө аж ахуйн их сургууль д багш тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессороор ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд IRIM судалгааны хүрээлэнгийн хэрэгжүүлж буй хөдөө аж ахуй болон нийгмийн хамгааллын төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна.
Иан Лийч нь биохимич мэргэжилтэй бөгөөд Их Британийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт онолын болон практик судалгаанууд дээр ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрээр олон улсын хөгжлийн салбарт мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүд дээр ажилласан туршлагатай. Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны дараагаар бизнес болон амьжиргааг дэмжих чиглэлд голлон ажиллах болсон бөгөөд үүнд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах Тусгаар Тогтносон Шинэ Улсуудын бүтцийн шинэчлэлд оруулсан хувь нэмэр нь багтана.
Иан нь 1990 оноос хойш бизнесийн шинжээч, бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн салбарт өргөн хүрээний туршлага хуримтлуулсан. Тэрээр Монгол, Танзани, Зимбабве зэрэг улсуудад 19 жилийн урт хугацааны, мөн Европ, Африк, Ази, Латин Америкийн 30 гаруй оронд 11 жилийн богино хугацааны ажлын туршлагатай.
Тэрээр олон улсын хөгжлийн байгууллагууд (жишээлбэл: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Их Британийн олон улсын хөгжлийн агентлаг, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Олон улсын санхүүгийн корпорац, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэрлэл, хөгжлийн байгууллага) болон Монгол дахь төр/хувийн хэвшлийн байгууллагууд, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.
2013 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран хөдөө аж ахуй, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон төслүүд дээр ажилласан бөгөөд одоогоор Европын Холбооны санхүүжилттэй SWITCH-Asia төслийн хүрээнд “Монгол Улсад ургамлын идээлэгтэй сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн менежерээр ажиллаж байна.
Замбын Батжаргал нь цаг уур, уур амьсгалын шинжлэх ухааны эрдэмтэн бөгөөд одоогоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд шинжлэх ухааны зөвлөх-өөр ажиллаж байна. Тэрээр уур амьсгалын шинжлэх ухаан, байгаль орчны бодлогын чиглэлээр үндэсний хэмжээний судалгаануудыг удирдан чиглүүлж, Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц (UNFCCC)-д зориулсан үндэсний илтгэлийн тайлангуудыг боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
Доктор Батжаргал нь олон улсын байгаль орчны бодлого, уур амьсгалын дипломат харилцааны чиглэлээр арвин туршлагатай. Тэрээр 2014–2016 онд Улаанбаатар хот дахь НҮБ-ын Байгаль орчны ассамблей (UNEA)-н Ерөнхийлөгчийн албанд зөвлөхөөр, мөн 2015–2022 онд Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллаж, дэлхийн олон улсын өндөр түвшний хэлэлцээр, форумуудад эх орноо төлөөлөн оролцож байв.
Эрдэм шинжилгээний болон бодлого боловсруулах чиглэлээр ч мөн идэвхтэй ажилладаг тэрээр 2024 оны 4-р сараас эхлэн Япон Улсын Чүо Их Сургуулийн Судалгаа, Хөгжлийн санаачилгын төвд урилгаар профессор-оор ажиллаж, тогтвортой хөгжил, уур амьсгалын бодлогын чиглэлээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна.
Тэрээр сүүлийн жилүүдэд IRIM судалгааны хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллаж, судалгааны ажлуудад хувь нэмэр оруулж байна.
Далайбуяны Бямбажав нь Австрали Улсын Куинсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялгийн хүрээлэнгийн харьяа Уул уурхайн Нийгмийн Хариуцлагын Судалгааны Төвд судлаачаар ажиллаж байна. Тэрээр Японы Хоккайдогийн их сургуульд социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд уул уурхай, эрчим хүчний нийгмийн нөлөөлөл, хамтын ажиллагааны механизм зэрэг чиглэлээр арван гаруй жилийн судалгааны туршлагатай.
Түүний мэргэжлийн чиглэлд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, орон нутгийн хамтын ажиллагаа, үр ашиг хуваарилах тогтолцоо, орон нутгийн хэлэлцээрүүдийн бүтэц, хэрэгжилт зэрэг багтдаг. Тэрээр Монгол, Япон, Австрали зэрэг улсуудад судалгаа хийж, олон улсын төслүүдэд ажилладаг.
Тэрээр IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран хариуцлагатай уул уурхай, нийгмийн гүйцэтгэл, оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр хийгдэж буй судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Дэлгэрсамбуугийн Мөнхцэцэг нь эдийн засгийн чиглэлээр 20 гаруй жилийн судалгаа, сургалт болон зөвлөх үйлчилгээний туршлагатай эдийн засагч, зөвлөх юм. Тэрээр Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимд ахлах багшаар ажиллахын зэрэгцээ, өгөгдөлд суурилсан бодлогын шинжилгээ, төсөл хөтөлбөрийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр үндэсний болон олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.
Мөнхцэцэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Мёнжи их сургуульд эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр эдийн засгийн бодлого, гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл, жижиг дунд бизнесийн хөгжил, хөдөө аж ахуйн эдийн засаг зэрэг сэдвээр олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн 50 гаруй судалгаанд ахлах судлаач, зөвлөх, багийн ахлагчаар оролцсон туршлагатай.
Түүний оролцсон төслүүд нь Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Европын холбоо зэрэг байгууллагын санхүүжилттэйгээр хэрэгжсэн бөгөөд эдгээр судалгаа, шинжилгээ нь Монгол Улсын хөгжлийн бодлого болон салбарын стратегийг боловсруулахад чухал хувь нэмэр оруулсан.
Тапан Саркер нь Өмнөд Квийнсландын их сургууль (UniSQ)-ийн Санхүүгийн тэнхимийн профессор бөгөөд тус сургуулийн гадаад харилцаа, олон улсын асуудал хариуцсан дэд эрхлэгчээр ажилладаг. Тэрээр 20 гаруй жилийн турш их дээд сургуульд багшлах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай. Судалгааны гол чиглэл нь тогтвортой санхүү, төрийн санхүүгийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлт, тойрог эдийн засаг зэрэг сэдвийг хамардаг.
Тэрээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Австралийн Гадаад хэргийн яам зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд арван гаруй оронд хэрэгжсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцсон. Мөн тэрээр IRIM судалгааны хүрээлэнгийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн бөгөөд тус байгууллагатай хамтран тогтвортой хөгжил, нийтийн бодлогын чиглэлийн төслүүд дээр ажилласан.
Профессор Тапан Саркер нь Австралийн Үндэсний Их Сургуульд (ANU) Худалдааны ухааны докторын зэрэг хамгаалсан ба олон улсын томоохон сэтгүүлүүдэд өөрийн бүтээлүүдээ нийтэлдэг. Түүний судалгаанууд нь Австралийн Сенат, G20, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комисс зэрэг байгууллагуудын бодлогод тусгалаа олсон.
Батболдын Баясгалан нь төрийн удирдлага, төсвийн бодлого, эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр олон жилийн туршлагатай эрдэмтэн, судлаач юм. Тэрээр Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд төрийн бодлогын шинэчлэл, төсвийн удирдлагын зохистой тогтолцооны талаар гүнзгий судалгаа хийж, бодлого боловсруулагчидтай нягт хамтран ажиллаж ирсэн.
Баясгалан нь ХБНГУ-ын Потсдамын их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд улмаар Удирдлагын академид төрийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан. Тэрээр “Төсвийн шинэчлэл: хэрэгжилт, хандлага” сэдвээр докторын судалгаагаа хийсэн.
Судалгааны ажлуудынхаа хүрээнд тэрээр “Монгол Улсад хэрэгжүүлж буй төсвийн зарлагын удирдлагын шинэчлэлт: туршлага, сорилт” зэрэг томоохон төслүүдэд оролцож, үндэсний баялгийн сангийн хөрөнгийн үр ашигтай хуваарилалт, ядуурлыг бууруулах бодлогын талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн.
Тэрээр IRIM судалгааны хүрээлэнтэй 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд төрийн бодлого, төсвийн шинэчлэл, засаглалын чиглэлээр судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний төслүүдэд оролцож ирсэн.
Раднаагийн Отгонбаяр нь “АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль”-д профессор багшаар ажилладаг МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан. Тэрээр 1994-1997 онд Казакстан улсын Анагаахын Их сургуульд “Хүүхдийн зүрх судасны чиглэлээр Анагаах ухааны докторын, 2007-2008 онд Малайз Улсын Үндэсний их сургуульд “Эмнэлгийн болон эрүүл мэндийн удирдахуйн ухаанаар” магистрын зэрэг тус тус хамгаалсан.
2000 оноос хойш эрүүл мэндийн салбарын стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн удирдлага, эмнэлгийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бүх шатны сургалтад сургах сургалтын хөтөлбөр, шинэчлэл, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн яам болон олон улсын байгууллага, Анагаахын Шинжлэх Ухааны их сургуульд проректор, Анагаах ухааны сургуулийн захирал, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн ерөнхий захирал, дарга, зөвлөхөөр ажиллаж ирсэн. Тэрээр оролцоонд суурилсан судалгааны арга зүйн чиглэлээр арвин туршлагатай чадварлаг сургагч багш, чиглүүлэгч юм.
Сүүлийн жилүүдэд ДЭМБ, АХБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан болон Япон улсын ЖАЙКА, JICWELS, IRIM судалгааны төв зэрэг олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төрөл бүрийн төслүүдэд зөвлөх, төслийн удирдагчаар ажилласан байна.
Тэрээр ногоон хөгжил, “Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх судалгаа”, “Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлын түвшнийг үнэлэх судалгаа” дээр IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Янсанжавын Нарангэрэл нь “Хүн Төвтэй Байгаль Хамгаалал” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр 2008-2010 онд Япон Улсын Кейогийн их сургуульд Тогтвортой хөгжил чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
2003 оноос хойш хөдөөгийн хөгжил, засаглал, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежменттэй холбоотой төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөхөөр ажиллаж ирсэн. Тэрээр оролцоонд суурилсан судалгааны арга зүйн чиглэлээр арвин туршлагатай сургагч багш, чиглүүлэгч юм.
Сүүлийн жилүүдэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль хамгаалах олон улсын байгууллага (TNC), Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан зэрэг олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төрөл бүрийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрээр ногоон хөгжил, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, олон нийтийн оролцоо, засаглал зэрэг сэдвийг хамарсан төслүүд дээр IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.